2’000’000 Цагийн аюулгүй ажиллагаа

2020-07-02 / Нийтэлсэн: Админ

Dayan Contract Mining LLC / Даян Контракт Майнинг ХХКRedpath Mining Contractors and Engineers
Оюу Толгой төслийн гүний уурхайн Үйлдвэрлэлийн зориулалттай Босоо амыг тоноглох ажлыг “Хасу Мегаватт” ХХК болон “Рэдпаф Монгол” ХХК-ийн хамтарсан компани болох “Даян Контракт Майнинг” ХХК-ийн төслийн баг 2017 оны 6-р сараас 2020 оны 3-р сар хүртэлх хугацаанд нийт 2’000’000 (Хоёр сая) цагийн туршид аюулгүй гүйцэтгэсэнд баяр хүргэе! 
👏👏👏

Уг төслийн баг маань босоо амны цамхагийн тоноглол болон хүзүүвчний түвшингээс доод ёроол хүртэлх (1284м) нэвтрэлтийн үеийн бүх төмөр хийц болон нэвтрэлтийн ажилд зориулсан инженерийн угсралтын ажлуудыг сольж, улмаар үйлдвэрлэлийн зориулалттайгаар 3000 орчим тонн зэврэлтээс хамгаалагдсан төмөр хийцийн ажлуудыг шинээр амжилттай хийж, угсарч дууслаа. Үүнд тулгуурууд, хөндлөвч дам нуруунууд, тус бүрдээ 10 ширхэг бүхий чиглүүлэгч төмөр хийцүүд, төмөр торон хаалтууд, босоо аман дахь түвшингүүдийн төмөр хийц болон гулсуур хавтангуудыг угсарч эхэлсэн бөгөөд бүх ган төмөр хийцүүдийг Даянгийн зураг төслийн дагуу хийгдсэн 4 хөдөлгөөнт ажлын тавцанг ашиглан угсарсан нь онцлог байлаа.

Мөн түүнчлэн, босоо ам нэвтрэлтийн цамхаг дотор суурилагдсан зургаан эргэх дамар, газар дээр суурилагдсан Нордбэрг үйлдвэрийн нэвтрэлтийн зориулалттай 2 нэгж өргүүрүүд болон 4 ширхэг Хэпбурн үйлдвэрийн татлагуудыг зөөвөрлөсөн болно.

Урьд өмнө хийгдэж байгаагүй шинэ ажлыг амжилттай бөгөөд аюулгүй гүйцэтгэхийн тулд дор хаяж 8 сарыг бэлтгэл ажилд зарцуулсан байдаг бөгөөд, Үүнд: Үйлчилгээний болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурьлуулах ажлын журам боловсруулах, үйлчилгээний өргүүрийн хүн тээвэрлэх клет буюу чингэлэг, эсрэг ачаа, бүтээгдэхүүн ачих хэсгийн скип буюу хөнөг, ган татлага ороон дамжуулагч зэргийг угсрахаас эхлээд өргөж хавчих төхөөрөмж болон үрэлтэт өргүүрийн ажиллагаа, лебёдка бүрийн операторын байршил, цамхагийн түвшин хооронд явагдах харилцаа холбооны бүх сургалтуудыг ажилтнуудад зааж сургах ажлууд багтсан болно. Тус ажлыг гүйцэтгэхэд нэг өргүүр тутамд 6 ширхэг, нийт 270 тонн жинтэй ган татлагуудыг ашиглалаа.

Аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, бүтээмжийг өндөр түвшинд байлгахад гар бие, сэтгэл зүтгэлээрээ оролцсон бүх хүмүүстээ дахин баяр хүргэе. 👏👏👏
Та бүгдийн амжилт, хөгжил дэвшил бүхэн үргэлжлэх болтугай!