Оюу толгой ХХК, (WORLEY Engineering - EPCM)
Редпаф Монголиа ХХК, Хасу Мегаватт ХХК-тай хамтарсан хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан Даян Контракт Майнинг ХХК нь 2017 оны 7-р сараас 2020 оны 3-р сарын эхэн үе хүртэлх хугацаанд Оюу Толгой төслийн 2-р босоо амны нэвтрэлт болон тоног төхөөрөмж суурьлуулах төсөлд хувь нэмрээ оруулав.
Уг төслийг гүйцэтгэсэн Даян баг нь босоо амны цамхагийн тоноглол болон хүзүүвчний түвшингээс доод ёроол хүртэлх (-1284м) нэвтрэлтийн үеийн бүх төмөр хийц болон нэвтрэлтийн ажилд зориулсан инженерийн угсралтын ажлуудыг гүйцэтгэж, улмаар үйлдвэрлэлийн зориулалттайгаар 3000 орчим тонн зэврэлтээс хамгаалагдсан төмөр хийцийн ажлуудыг шинээр амжилттай хийж, угсарч дууслаа. Үүнд тулгуурууд, хөндлөвч дам нуруунууд, тус бүрдээ 10 ширхэг бүхий чиглүүлэгч төмөр хийцүүд, төмөр торон хаалтууд, босоо аман дахь түвшингүүдийн төмөр хийц болон гулсуур хавтангуудыг угсарч эхэлсэн бөгөөд бүх ган төмөр хийцүүдийг Даянгийн зураг төслийн дагуу, Хасу Мегаватт ХХК-ий төмөр хийцийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 4 тусгаарлах тавцан бүхий хөдөлгөөнт ажлын тавцанг ашиглан угсарсан нь онцлог байлаа.
Мөн түүнчлэн, босоо ам нэвтрэлтийн цамхаг дотор суурилагдсан чиглүүлэгч зургаан эргэх дамар, газар дээр суурилагдсан Нордбэрг үйлдвэрийн нэвтрэлтийн зориулалттай 2 нэгж өргүүрүүд болон 4 ширхэг Хэпбурн үйлдвэрийн татлагуудыг зөөвөрлөсөн болно. Урьд өмнө хийгдэж байгаагүй шинэ ажлыг амжилттай бөгөөд аюулгүй гүйцэтгэхийн тулд дор хаяж 8 сарыг бэлтгэл ажилд зарцуулсан бөгөөд, Коепе брендийн (ABB –ийн үрэлтийн хүчний өргүүр) үйлчилгээний болон бүтээгдэхүүний өргүүрийг угсарч хүлээлгэн өгсөн.
Үүнд: Үйлчилгээний болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурьлуулах ажлын журам боловсруулах, үйлчилгээний өргүүрийн хүн тээвэрлэх клет буюу чингэлэг, эсрэг ачаа, бүтээгдэхүүн ачих хэсгийн скип буюу хөнөг, ган татлага ороон дамжуулагч зэргийг угсрахаас эхлээд өргөж хавчих төхөөрөмж болон үрэлтэт өргүүрийн ажиллагаа, лебёдка бүрийн операторын байршил, цамхагийн түвшин хооронд явагдах харилцаа холбооны бүх сургалтуудыг ажилтнуудад зааж сургах ажлууд багтсан болно. Тус ажлыг гүйцэтгэхэд нэг өргүүр тутамд 6 ширхэг, нийт 270 тонн жинтэй ган татлагуудыг ашигласан.